Огт оргүйгээс огторгуйн байгууламж бүтээсэн Аренагийн хавраар…

2022/05/10 14:01

Задгай мөсөн талбайнууд хайлан урсаж, талын хөрсөнд шингэж одсон цаг дор Степпе Аренагаас гарлаа. Үзвээс, хүртвээс хаврын бүлээн салхин гудайж байгаа наран адил, хацар нүүрийг илчгүйхэн илбэж байна. Мөрөөдөл биелэх мөсөн өргөө ордоны “огт оргүй”-д шав тавьж байсан тэр хаврын өдөр эргэн нэг сэтгэлд буух нь содон.

Sorry, this entry is only available in Монгол.

Задгай мөсөн талбайнууд хайлан урсаж, талын хөрсөнд шингэж одсон цаг дор “Степпе Арена”-г зорин очлоо. 2019 оны яг ийм хаврын өдрөөр Мөсөн өргөөний шав тавих ёслолын гэрч болж байсан цаг өчигдөрхөн мэт санагдана. Оргүй хоосныг зайчлан огт оргүйн хуй салхин эргэлдсэн хаврын тэр өдрийг эрхгүй бодон, “Олон Улсын олимпийн стандартад нийцсэн ордон барьчихдаг, овоо гарууд шүү монголчууд нээрээ” гэсэн шүү юм бодсоор, хүүтэйгээ хамт тоглохоор очерлож эхэллээ. Бас ч гэж чамгүй хугацаанд дугаарлаж байгаад коньки болон бусад хэрэглэлээ авч мөсөн талбайд зочлоход, дунд сургуулийн ахлах ангийн бололтой гурван охины нэг нь мөсөн талбайг хараад “wow” хэмээн дуу алдаж, хамт яваа хоёртоо англиар “коммент” хэлж, ийш тийшээ зааж, их л сэтгэл хөдөлсөн бололтой ярилцацгааж зогсох юм.

“Нөгөө “шинэ үе пепсиг сонгож байна” гэдэг шиг, шинэ үеийнхэн маань сэтгэлийн хөдлөлөө нуулгүй баярлаж, талархаж чадаж байна шүү дээ, баярлахдаа хүртэл ийнхүү дуун алдаж, англиар хоорондоо ярьж явах нь бусдын адил, жирийн л нэг харилцаа болж шүү” хэмээн тэднээр бахархан бодож амжив.

Пепси гэснээс “Степпе Арена”-д рекламны самбараа байршуулах сонирхолууд ч нэмэгдсэн бололтой. Олон нийт, залуучуудын очих дуртай газар, олон улсын болон дотоодын төрөл бүрийн уралдаан тэмцээн зохиогдож байгаа айл болохоор арга ч үгүй биз дээ. Угаасаа л аз жаргалын даавар “серотонин” тэргүүтэн давамгайлдаг газар л реклам сурталчилгаа итгэл төрүүлж байдаг. Арай мэдрэмжтэй маркетерууд нь аль хэдийнэ онилоод байршуулчихсан ч байх шиг. Гэхдээ л олон улсаас шагнал цуглуулж эхлээд байгаа огторгуйн байгууламж бүхий шилдэг ордонд танай рекламны самбарыг залах “хаан”, “хатан” суудлууд ч бас яг одоохондоо эзнээ хүлээж байгаа бололтой. Мөсөн ордоны барилгын архетектураас хамаараад ч тэрүү ямар ч тоглолт, самбар, анонсууд нүдний өмнө илхэн үзэгдэх боломжтой. Хэрвээ та, танай байгууллага хүсвэл монголын анхны “Мөсөн өргөө” ордоны огторгуйн байгууламж бүхий орой дээр тугаа ч хатгаж болно гэсэн үг л дээ. Үндэсний компаниудын хөрөнгө оруулалтаар бүтсэн, Ази Номхон далайн бүс нутгийн олон нийтэд зориулсан шилдэг барилгаар шалгараад байгаа “Мөсөн өргөө”-нд мөрөөдөлдөө хөтлөгдсөн хүүхэд залуус ээлж дугаараараа солигдон наадна. Олон Улсын олимпийн хорооны стандартад нийцсэн мөсөн талбайд гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, албан байгууллага, анги хамт олноороо очсон байх юм.

Хаа байсан Ховдоос ирж хоккей тоглож байгаа хүүхдүүдтэй чөлөөт цагаараа гулгаж байгаад таарсан “Степпе Арена” ХХК-ийн ТУЗ-ын дарга П.Цагаан “Мөсөн өргөө” ордон баригдсанаар мөсөн спортын соёлын үр газар сайгүй соёолж байгаа талаар холын зочноос санамсаргүй сонсож, урам авч байх жишээтэй. Норвегийн хөгжлийн сангийн Ховд дахь төлөөлөгч Стив өвлийн гурван сар “готок” байгуулсанаар Ховдод 12000 гаруй иргэнийг мөсөн талбайдаа хамруулж чаджээ. Тэрээр хоккей тоглодог хүүхдүүдээ дагуулж улсын нийслэлд ирээд Степпе Аренад ийнхүү хоккейн нөхөрсөг тоглолт хийж яваад түүнтэй таарсан байна. Бас нэг Америк эрхэм Сүхбаатар аймгийн төв дээр “мөсөн талбай” байгуулж “талын дайчид” нэртэй клубтээ болсон тухай сонсогдож байсан. Харамсалтай нь хавар цагт хайлан урсаад газрын хөрснөө шингэчихдэг задгай талбайн ор мөрийг харан зогсоход дахиад л “огт оргүй” санаанд ордог нь нэн гунигтайсан.

Японы сакура дэлгэрэх хаврын өдрүүд мэт мөсөн талбайгаас сэрүү татсан “Аренагийн хавар” нь хайлдаггүй, урсдаггүй, хачирхалтай аз жаргалтай мөчүүдийн тойрог аж.

Булган, Буянт, Шургийн голуудын мөсөн тэлээ, цан хүүрэг савсуулсан, ай сайхан цасан цагаан замуудаар дурсамж гулсах нь яг л мөнөөх гол усан, цөн төрөх лугаа. Ийнхүү хүүхэд мэт хөгсөж, хэсэг дурсаж, гулгаж, тоглож дуусаад гарч явах зуур “Степпе Арена” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Булганбаяр дүүтэй тааралдаж хэсэгхэн зуур суунгаа, ойр зуурын сонин сонсов.

“Мэргэжлийн хоккейд одоогоор Монгол Улс байр сууриа эзэлж амжаагүй яваа. Олон улсын зэрэглэлийн Арена байхгүй учраас нэр хүндтэй тэмцээнүүдэд орж чаддаггүй, орлоо гэхэд эргээд эх орондоо урьж чаддаггүй байсан тул үргэлж хамгийн доод ангилалд байж, эрэмбээ ахиулж чадахгүй явсаар иржээ. Харин одоо хоккейн спорт хөгжиж эхэлж байна. “Мөсөн өргөө” ордныг байгуулахад үндэсний компаниуд маань 15 орчим сая долларын хөрөнгө оруулалт хийсэн. Төслийн шинжээчдийн тооцоогоор 18 жилийн дараа хөрөнгө оруулалтаа нөхнө гэсэн тооцоо гарсан байдаг. Менежментээс их зүйл шалтгаалах учраас залуус бид чадах чинээгээрээ хичээж ажиллаж байна. Гадны зарим орны туршлагыг харахад ийм байгууллагыг 24 цагаар ажиллуулж байж л ашигтай орлоготой ажилладаг гэнэ. Манай бүх үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй явж байгаа. Хууль зөрчөөгүй л бол ямар ч арга хэмжээг хүлээж авахад бэлэн байгаа шүү” гээд инээмсэглэж байна.

“Степпе Арена” ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Цагаан тэргүүтэй нөхөд Америкийн Хойд Каролинагийн Шарлотте хотын PNC Аренагийн Ерөнхийлөгч “Мөсөн өргөө” ордонд өнгөрсөн намар зочилж байсан Ларри Перкинсийн урилгаар хавар эрт зочлоод иржээ. Ижил төстэй байгууллагуудаасаа суралцах зүйл их байгаа юмаа гэдгийг тэрээр, явж ирсэнийхээ дараахан хэлж байсан санагдана. Ямар ч атугай үндэсний компаниудын хийж бүтээсэн олон улсын төслийн үйл ажиллагаа нь, бас л олон улсын ижил төстэй байгууллагуудтайгаа нөхөрлөх, тэднээс суралцах гээд зөв зам дээрээ яваа бололтой.

Монголчуудын мөрөөдлийг биелүүлж эхлээд байгаа, өвлийн спортын гэр орон болох “Мөсөн өргөө” ордон маань 2022 оны 2-р сарын 25-нд Английн Лондон хотоос Ази номхон далайн бүс нутгийн олон нийтэд зориулсан шилдэг барилга гэдэг номинацид тэргүүлж, хаан суудлаа нэгэнт эзэлжээ. Харин одоо дэлхийн шилдэг барилга номинацид нэр нь дэвшээд, улам бүр даяарших гээд явж байгаа юм байна. Нэг хүнд оногдох нөлөөллөөр нь шалгаруулдаг энэ шалгаруулалтад монголчуудын мөсөн ордон, бас ч гэж ач холбогдолтой өрсөлдөгчдийн нэгд зүй ёсоор яригдаж байгаа гэнэ.

Задгай мөсөн талбайнууд хайлан урсаж, талын хөрсөнд шингэж одсон цаг дор Степпе Аренагаас гарлаа. Үзвээс, хүртвээс хаврын бүлээн салхин гудайж байгаа наран адил, хацар нүүрийг илчгүйхэн илбэж байна. Мөрөөдөл биелэх мөсөн өргөө ордоны “огт оргүй”-д шав тавьж байсан тэр хаврын өдөр эргэн нэг сэтгэлд буух нь содон.

Сэтгүүлч Жарантайн Соёл-Эрдэнэ