Олон улсын стандартыг үлгэрлэсэн Мөсөн өргөө

2022/05/10 14:32

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байгууламжаар “Степпе арена” буюу Мөсөн өргөөг тодруулж, өргөмжлөл олгосон нь зөв болжээ гэж бодсоор буцах тийш хандсан юм.

Sorry, this entry is only available in Монгол.

“Степпе арена” буюу “Мөсөн өргөө”-г ХНХЯ-наас өнгөрсөн онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байгууламжаар тодруулж, өргөмжлөл олгосон билээ. Бүхий л талаараа олон улсын стандартад нийцсэн гэдэг энэхүү өргөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэрхэн үйлчлүүлэх болон ажиллах боломжтойг бид сурвалжиллаа. Тэргэнцэртэй иргэн, гар дугуйн уралдаанч Б.Алтансүх бидэнтэй нэгдэж, тухайн байгууламж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хэр ээлтэй болохыг нүдээр үзэж, биеэр мэдэрч, танилцахаар болсон юм. Үндсэндээ тэрбээр “Мөсөн өргөө”-г шалгав.
Б.Алтангэрэл хувийнхаа машинаар гэргийтэйгээ хамт “Мөсөн өргөө”-нд очcон юм. Гадаах зогсоолд машинаа тавимагцаа тээшнээсээ тэргэнцрээ гаргаж унаад, өргөө рүү ороод ирлээ. Түүнд “Степпе арена” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Булганбаяр замчлав. “Та тоглолт үзэх гэж байгаа бол, бас тасалбараа урьдчилан авч амжаагүй бол кассанд хандана. Ийшээ оч доо” гэхэд Б.Алтангэрэл заасан хэсэгт хүрлээ. Тэргэнцэр дээрээсээ өндийлгүй, гараа бага зэрэг сунгаад л тасалбар авах боломжтойг ойлгов. Кассын дэргэд худалдаж буй бэлэг дурсгалын зүйлс, хуанли, эрхийн бичиг, шоколад, цасан бөмбөг гэх зэргийг сонирхон, таалагдсанаа сонгож авах боломжтой аж. Хэрвээ гар
утасных нь цэнэг дуусаж байгаа бол тэндээс цэнэглэгч түрээсэлж аваад хэрэглэх ч боломжтой гэнэ.
Өргөөний үзэгчдийн гол танхим руу орох боллоо. Тасалбар уншуулах зориулалттай олон хаалгатай аж. Тэдгээрийн захдуу хэсэгт нь хэмжээгээр өргөн нэгэн хаалга байна. “Уг хаалгыг
тэргэнцрийн стандартын дагуу төлөвлөснөөр бүтээсэн” гэж Б.Булганбаяр тайлбарлаcан юм. Уг хаалгаар Б.Алтангэрэл төвөггүйхэн нэвтэрч, “Явахад чөлөөтэй байна” гэж хэлж байлаа.
“Мөсөн өргөө”-ний үзэгчдийн танхим нь 2600 хүний суудалтай. Танхим сэлүүхэн, сэрүү татаж, цэвэр агаар сэнгэнэх аж. Сэтгэлд дулаан хөхөмдүү өнгө бүхий танхимын гол дахь мөсөн талбайд
уран гулгагч тэшиж, эргэж, харайн, заримдаа унаж явна. Бидний хөтөч Б.Булганбаяр “Манай улсад цорын ганц уран гулгагч охин байдаг. Нэр нь О.Мишээл. Бидний мэдэхээр мэргэжлийн уран гулгалтаар хичээллэдэг гурван монгол охин бий. Г.Марал-Эрдэнэ Японд, О.Ивээл Америкт амьдардаг. О.Ивээл Америкийн мэргэжлийн уран гулгагчдын холбоонд бүртгэлтэй, тэндээ сургуулилж, тэмцээнд оролцдог. Манай улсад уран гулгалтын үндэс суурь тавигдаж байна гэж үзэж болно. О.Мишээл орос
багштай. Цахимаар хичээллэдэг. Бидний зүгээс түүнийг дэмжиж, бэлтгэлийг нь хангуулдаг” хэмээн ярилаа.
Үзэгчдийн танхимын дээд эгнээний суудлуудыг бүгдийг тэргэнцэртэй иргэд, тэдний гэр бүл, найз нөхдөд зориулжээ.
Бид уран гулгагчийг харж хэсэг зогсож байгаад цаашлав. Мишээлийн гулгахыг Б.Алтангэрэл маань зориулалтын суудлаас харсан. Үзэгчдийн суудлын хамгийн дээд талын эгнээг тэр чигээр нь тэргэнцэртэй хүмүүс болон тэдний гэр бүлийнхэн, асран хамгаалагчдад зориулжээ.
Тэргэнцэртэйгээ зогсоод буюу суугаад үзэх боломжоор хангах зорилгоор зэрэгцээ дөрвөн сандлын нэгийг нь чөлөөлсөн байх аж. Бусад гурав дээр нь гэр бүлийнхэн, ер нь хамт яваа хүмүүс нь
тухлах боломжтой. Тэрхүү эгнээний ард ойр зуурын хүнс худалдах лангуу байна. Тавцан нь хэн ч гар сарвайгаад үйлчлүүлэх боломжийн өндөртэй. Хэн ч гэдэг нь хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүс болон бага насны хүүхэд гэсэн үг. Шаардлага гарвал, тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд суудлаас нь босголгүй үйлчлэх болбол лангуугаа түрж очиж болохоор дугуйтай юм билээ.
Б.Алтангэрэл хэдийн бие засах газрыг зорьжээ. Хаалганы бариулд хүрэхийн тулд заавал дээш өндийх шаардлага гарахгүй байгааг тэрбээр онцолсон. Доторх орчин нь цэвэр цэмцгэр.
Тэргэнцэртэй, суга таягтай хүмүүс өөрөө өөртөө үйлчлэх бүхий л боломжийг бүрдүүлжээ. Бас ээжүүд цүнхээ шүүгээнд хадгалаад хүүхдийнхээ живхийг солиход зориулж намхавтар тавцан
бэлтгэсэн байна. Б.Алтангэрэл “Хотын төвд нэг брэндийн дэлгүүрт ийм бие засах газар харсан.
Өөр газарт байдаг юм болов уу” хэмээн ярьсаар тэнд байгаа юм бүхнийг татаж, онгойлгож үзэв.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тав тухтай үйлчлүүлэх ариун цэврийн зургаан өрөөтэй Бага насны хүүхдүүдийг тоглуулах өрөөний хажуугаар яваад цахилгаан шатанд дөхлөө. Доошоо
бууцгаахаар шатны товчлуурыг дарахдаа брайл буюу товгор үсэгтэй болохыг анзаарсан юм.
Харааны бэрхшээлтэй хүмүүс чөлөөтэй үйлчлүүлэх, ажиллах орчин нөхцөлийг хэрхэн бүрдүүлсэн талаар Б.Булганбаяраас тодруулахад “Одоохондоо брайл үсэгтэй л байна. Ойрын хугацааны зорилтын нэг нь харааны бэрхшээлтэй иргэдийн тав тухыг хангах чиглэлд зохих арга хэмжээ авах юм. Энэ чиглэлээр ямар ажлууд хийснээ эргэн мэдээлнэ ээ” гэв. Түүнчлэн сонсголын бэрхшээлтэй иргэд “Мөсөн өргөө”-нд тав тухтай үйлчлүүлэх, цаашлаад ажиллах боломжоор хангах судалгаа хийснийг тэрбээр онцолсон Уг судалгааныхаа үр дүнд тулгуурлан, сонсголын бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх боломж бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахаа ойрын төлөвлөгөөндөө тусгасан аж. Мөн хөгжлийн бэрхшээлтэй 1-2 иргэн ажиллуулахаар судалж байгаа гэнэ. Тус байгууламж нь хотын төвөөс зайдуу болохоор унаа тэрэгний боломжийг тооцож, мөн тухайн иргэний аюулгүй байдлыг хангах талыг ч бодолцох хэрэгтэй учраас яаран шийдвэр гаргахгүйгээр нэлээд сайн судалж буйгаа Б.Булганбаяр хэллээ.
“Мөсөн өргөө”-нд олон нийт рүү чиглүүлсэн цөөнгүй үйлчилгээ бий бөгөөд өдөр бүр хүмүүс ажиллаж байдгийг мэдлээ. Тэшүүр түрээсэлж гулгаж болох аж. Мэргэжлийн хоккейчин Б.Мөнхболд
үйлчлүүлэгчдэд зөвлөгөө өгдөг юм байна. Тэшүүрээс гадна хамгаалах хэрэгслүүд ч бий. Энэ өдөр тав орчим насны хүү аавтайгаа хамт мөсөн талбайд гулгаж байлаа. Ер нь хүүхдийг дөрөв, таван настайгаас нь гулгуулж сургавал сайн байдгийг мэргэжлийн багш зөвлөснийг ташрамд дуулгая.
Фитнес болон бие халаах өрөөнүүдтэй нь танилцлаа. Хоккейн тамирчид тоглолтын завсарлагаанаар түр амрах өрөөнд очдог юм байна. Амрах гэлтгүй дасгалжуулагч нь зөвлөгөө өгч, алдаа, оноог нь хэлж өгдөг өрөө аж. Хоккейн баг 21 тамирчинтай байдаг. Тэр тоогоор суудалтай.
Тамирчин тус бүрт хувцас, малгай, тэшүүр, хувийн хамгаалах хэрэгслээ хадгалдаг дөрвөн өрөө бүхий зориулалтын тавиур байна. Эдгээрийг ч гэсэн Олон улсын олимпын хорооны стандартын
дагуу хийжээ. Ингэж хийгээгүй бол бүсийн хэмжээний тэмцээн зохион байгуулах ч аргагүй аж.
Манай улсын лигийн тэмцээнүүд байнга гадаа болдог байсан бол өнгөрсөн оноос эхэлж энэ өргөөнд явуулах болжээ. Б.Алтангэрэл энэ бүх тайлбарыг сонсоод “Би ийм ордон, өргөөтэй
болсон гэж ер мэдээгүй. Маш гоё байна. Найзууддаа дуулгах сонинтой боллоо” гэлээ. Тэрбээр ямар ч саад бэрхшээлгүйгээр уг өргөөтэй танилцаж, мэдээлэл авсан юм. ХНХЯ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байгууламжаар “Степпе арена” мөсөн өргөөг тодруулж, өргөмжлөл олгосон нь зөв болжээ гэж бодсоор буцах тийш хандсан юм. Одоогоор эднийд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилладаггүй аж. Хэрвээ хүсэлтээ илэрхийлбэл таарч, тохирох ажил хийлгэнэ гэж байлаа.

Эх сурвалж: Өнөөдөр сонин https://unuudur.mn/238623/?fbclid=IwAR3p4G7gkv71uSK6ePRbOaTbFt0392n-mnA8Hz0YucEIIHWzUuMqDU28www