2022/11/06 18:17
Степпе Арена Мөсөн өргөөд Монголд анх удаа “Хархорум дижитал арт хөгжмийн фестиваль” 2022/11/05 өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Монголын түүхэн дэх хамгийн том нийслэл хот, дэлхий дахиныг өөртөө даллан дуудаж нэгэн цагт дэлхийн соёл иргэншлийг холбогч байсан Хархорум хотын нэрээр нэрлэсэн шалтгаан нь Монголын урлаг хийгээд залуусын парти соёлыг шинэ түвшинд хүргэх, уламжлалт хөгжим урлагийг орчин үетэй хослуулан цаашлаад дэлхий дахинд таниулах гэсэн зорилготой.
“Хархорум дижитал арт хөгжмийн фестиваль” нь цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах бөгөөд “Степпе Арена” болон Соёлын яамнаас санаачилсан харьяа байгууллагууд, хувийн хэвшлүүд болон уран бүтээлчидтэй хамтран зохион байгуулдаг “Соёлын бүтээлч сар”-ын арга хэмжээнүүдийн нэг болсон юм. Мөн өдрийн хөтөлбөрийн онцлох үйл явдлын нэг нь уран бүтээлдээ зөвхөн цэнхэр өнгийг ашиглан реалист, сюрреализм буюу бодит, зөн билгийн урсгал чиглэлээр бүтээлээ туурвидаг зураач Ж.Ойланы 6 уран бүтээлийг бодитоор болон визуал арт хэлбэрээр монголын уламжлалт хөгжмийг электроник хөгжимтэй хослуулсан хөгжмийн хамт толилуулсан явдал юм.
Хархорум фестивалийн онцлог нь Монголд анх удаа технологийн тусламжтайгаар 360° дүрслэлд хөрвүүлсэн уран зураг дунд, орон орны артистуудын хөгжмөөр аялуулах юм. Өөрөөр хэлбэл хөгжмийг дан ганц сонсгох бус харуулж, сонсгож мэдрүүлсэн юм. Хамгийн анх удаагийн буюу энэ жилийн Хархорум дижитал арт хөгжмийн фестивальд гадаадын 4, Монголын 11 DJ оролцож өөрсдийн шилдэг уран бүтээлүүдээр залуучуудад электроник хөгжим хийгээд дижитал артын гайхамшгийг мэдрүүлж, Хархорум фестиваль дээр л амсах боломжтой цор ганц давтагдашгүй орцтой коктейлийг шилдэг бартендарууд гаргав.