Монгол Улсад анх удаа PUBG Mobile олон улсын оффлайн тэмцээн боллоо

2024/03/25 17:01

PUBGM тоглоомын “PMIC Ulaanbaatar 2024” олон улсын тэмцээний аваргын төлөөх сүүлчийн тоглолтууд 3-р сарын 24-нд зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд 2023 оны дэлхийн аварга IHC Esports болон шагналт байр эзэлсэн 4Merical Vibes, NB Esports тэргүүтэй Монголын есөн баг ирж оролцов.

Мөн 2022 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Непалын “DRS Gaming” болон Пакистаны “141” гэсэн хоёр баг урилгаар ирсэн юм. Нийт 11 баг хүрэлцэн ирж, долоон баг цахимаар тоглосон тус тэмцээн нь 10 мянган ам.долларын шагналын сантайгаар зохион байгуулагдав.

Зургаан тоглолт явагдсаны эцэст манай улсын “Viking Esports” 143 оноотойгоор тэргүүн байр эзэлж 3,300 ам.долларын шагналыг хүртэв. Харин Mabatex Esports 136 оноотойгоор хоёрдугаар, NB Esports 129 гуравдугаар, IHC Esports 122 оноотойгоор дөрөвдүгээр байр эзэллээ.